Скайнердаж оруулсан хуудсууд гэх мэт зургийн файлаар байгаа зүйлсийг pdf рүү хөрвүүлэх шаардлага урьд нь нэлээд таарч байлаа. Үүнийг шийдэхийн тулд OpenOffice-оо нээгээд зургуудаа оруулаад хуудсаа дүүртэл нь сунгаад PDF file format руу хөрвүүлэх бодол хамгийн түрүүнд орж ирэв. Гарын арван хуруунд багтах тооны хуудас бол асуудалгүй. Гэтэл хэдэн зуу, хэдэн мянган хуудсыг гараар бэлтгэнэ гэдэг үнэхээр залхуутай ажил.
Залхуугийхаа хүчээр энэ талаар Google-с хайж үзтэл ImageMagick нэртэй гайхалтай програм байдаг юм байна.
$ sudo apt-get install imagemagick
гээд суулгачихна.
$ cd <зургууд байрлаж буй хавтас>
$ convert *.jpg foo.pdf
гэвэл тухайн хавтсанд байгаа бүх jpg өргөтгөлтэй файлуудыг дарааллаар нь foo.pdf болгож нэгтгэн хөрвүүлнэ. Гайхалтай хялбар биш үү?
Зөвхөн байгаа зургуудыг нэгтгэж pdf болгохоос гадна өнгөнүүдийн элдэв тохиргоо, маск, зургийн хэмжээг шахах, элдэв эффэкт өгөх, эргүүлэх гэх мэт зурагтай холбоотой бүхий л боломжууд өгөгдсөн юм байна. Үүнийг нь
$ convert -h
командаар дэлгэрэнгүй хараарай.